Ажлын газраа аз жаргалтай болгох 10 арга

Nito
3 min readSep 7, 2022

Нито-гийн хамт олны соёлын нууц

Амьдралынхаа хамгийн олон цагийг өнгөрөөж буй ажлын газрын уур амьсгал таатай, дулаан байх нь бидний бүтээмж, эрүүл мэнд, тогтвор суурьшилд нөлөөлж байдаг. Нито-гоор дамжуулан ажлаа сольж буй хүмүүс дунд ч хамт олны соёл хамгийн гол хүчин зүйл гэж үздэг хүмүүс бий. Тийм ч учраас бид компаниуддаа багийн соёлоо сайжруулах тухай зөвлөгөө, сургалт, арга хэмжээг тогтмол хүргэхийг хичээдэг. Энэ удаад бид Нито-гийн хамт олны мөрддөг зарчим, аргуудыг тусгасан Нитосутра-гаасаа толилуулж байна. Аз жаргалтай, бүтээмжтэй, бүтээлч уур амьсгалыг баг дотроо бүрдүүлэхэд идэвхтэй оролцоё гэвэл эдгээр зарчмуудыг дагаад үзээрэй.

  1. Speak up: Санал бодол, хүсэл эрмэлзэлээ нээлттэй илэрхийл. Дуу хоолойгоо сонсго. Эсвэл бич. (Имэйл бичмээргүй бол багийнхаа chat дээр бичсэн ч болно) Хүсч буй зүйлсээ чимээгүй хүлээгээд суулгүй, өөрөө тодорхой хэлж, хийж бай. Баг хамт олны уур амьсгал багийн гишүүн бүрээс хамааралтай.
  2. Listen: Бусдынхаа санал бодол, хүсэл эрмэлзлийг анхааралтай сонс, ярилц, ойлгохыг хичээ. Өөрийнхийгөө бүү тулга. Хүн бүр өөр үзэл бодолтой ч эвтэй байж болно гэдгийг сана. Чин сэтгэлээсээ ярилцах үед хүмүүс үзэл бодлоо өөрчлөх үе ч бий. Сонсож чаддаг хүн дэмжигч олонтой байдаг.
  3. Share your jokes: Хошин шогийн мэдрэмжээ гарга. Хошигнож чадсан хүмүүс хурдан ойлголцож, нөхөрлөдөг. Энэ нь мөн ажлын уур амьсгалыг халуун дулаан болгож, бүтээлч байдлыг нэмэгдүүлдэг. Идэвхтэй, инновацилаг багийн нэг нууц энд бий.
  4. Appreciate: Талархах, бахархах зүйлсийг сайн анзаар. Заримдаа болохгүй байгаа зүйлсээ анхаарч засч явах хооронд болж бүтэж байсан зүйлс нь услахаа мартсан цэцэг хагдардаг шиг үгүй болсон байх вий. Үргэлж сайн зүйлсээ ярь. Багийнхнаа чин сэтгэлээсээ магт, таларх. Анхаарч, талархаж чадсан зүйлс үржиж олширч байдаг.
  5. Dream: Мөрөөдөлтэй бай. Таны ажил, амьдрал ямар сайхан байж болохыг төсөөлж, ургуулж, баяжуулж, төлөвлөж яв. Арагшаа харж гүйгээд түрүүлдэггүйтэй адил, болохгүй бүтэхгүй байгааг байнга ярьж, бодож явах нь сайн зүйлд хөтөлдөггүй. Тиймээс энгийн жижиг зүйл ч хамаагүй мөрөөдөж, төлөвлөж, хий.
  6. Make mistakes: Алдах эрхтэй бай. Хамгийн сайн шийдлийг олох явцад олон арван удаа турших, алдаж онох хэрэг гардаг. Зөв болсон талуудыг нь авч үлдээд, сайжруулах хэсгээ зассаар нэг л өдөр нийцлээ олсон байх вий. Ийм үед алдаа бүрийн арын буруутныг олоход биш гүйцэтгэлээ сайжруулахад анхаарсан хамт олон л хожно.
  7. Respect boundaries: Бусдын хил хязгаарыг хүндэлж, өөрийнхийгөө хамгаал. Хүн бүр тусгаар тогтносон улс юм. Хилийн дотор нь түүний нэр хүнд, хэн бэ гэдэг тодорхойлолт, үзэл бодол, амьдралын хэв маяг зэрэг багтаж байдаг. Харин бусдын өмнө хэлсэн үг, хийсэн үйлдэл нь хилийн гадна байна. Хилийн гаднах зүйлийнх нь талаар саналаа хэлж болох ч тэр хүний ямар хүн бэ гэдгийг дүгнэх эрхгүй. Өөрийн болон бусдын хилийг хүндэл, хамгаал.
  8. Vision: Хамтын зорилгоо тодорхойл. Байгууллага гэдэг нэг зорилгын төлөө явж буй хамт олон юм. Хүн бүр тэр зорилгод чин сэтгэлээсээ нэгдсэн үед идэвхтэй, хурдтай ахиж чадна. Амжилтад хүрэх багт зорилгогүй хүний орон зай үгүй.
  9. Give what you can: Өгөөмөр байх нь өөрт ирэх үүдийг нээдэг. Магтаал сайшаал, хэрэгтэй санаа, талархал, дэмжлэг, урмын үгс, чихэр жимс, хөгжилтэй яриа, хэдхэн хормын анхаарал халамж гээд хэрэгтэй хүндээ бол жижиг зүйлс ч жижигдэхгүй.
  10. Self management: Эрүүл мэнд, сэтгэл хөдлөл, харилцаа холбоондоо анхаар. Бие сэтгэл эрүүл өөдрөг үед ажил, хамт олны харилцаа ч таатай сайн байна. Хүнтэй харилцахдаа 5 тохиолдол тутмын 4-ийг нь эерэг байлгаж чадвал тэр хүн та хоёрын харилцаа сайн байна гэдэг дүрмийг санаарай.

Эдгээр 10 зарчмыг 30, 60, 90 хоног хэрэгжүүлээд, гарсан үр дүнгээ бидэнтэй хуваалцаарай.

Бууж өгөөд ажлаа солих шиг амархан зүйл үгүй. Гэхдээ эхлээд өөрөөсөө шалтгаалах бүхнийг хийгээрэй. Амжилт хүсье! Нито үргэлж хамт шүү!

--

--

Nito

Nito is an impact startup by experienced entrepreneurs and IT experts introducing technological innovation for happiness and well-being at work