А. Энхжин: Монгол компаниудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ

Nito
2 min readDec 7, 2020

--

Хүний нөөцийн технологийн шийдэл “Nito” апп-ыг хөгжүүлэгч Нитотех компаний Гүйцэтгэх захирал А. Энхжин Монголын Үндэсний Олон нийтийн телевизийн гадаад суваг MNB World-ын Sightline нэвтрүүлэгт зочноор оролцож Нито апп-аа танилцууллаа.

А. Энхжин өмнө нь дижитал контент нийтлэгч MPlus апп, санхүүгийн технологийн LendMN апп, дижитал экосистемийн SuperUp апп-ыг зах зээлд гаргасан багуудад ажиллаж байсан туршлагатай бөгөөд Nito апп түүний оролцож буй 4 дэхь технологийн шийдэл юм. Түүний ярьсаныг дор сийрүүллээ.

“Монголын хөдөлмөрийн зах зээл дээрх, ялангуяа технологийн салбарт, хамгийн чадварлаг, туршлагатай инженер, менежер, мэргэжилтнүүд гадагшаа гарч олон улсын компаниудад ажиллахын хэрээр дотоодод тэдний орон зай хоосорч, үлдэж буй хүмүүсийн төлөөх өрсөлдөөн ширүүсч байгааг бид хэдэн жилийн өмнөөс олж харсан. Энэ бэрхшээл бусад салбарын компаниудад ч удахгүй тулгарах болно. Бидний хувьд энэ бол яаралтай шийдэх ёстой асуудал юм.

Хүмүүс Нито апп-д ажлынхаа мэйлээр бүртгүүлж, нэрээ нууцалсан байдлаар одоогийн болон өмнө ажиллаж байсан 2 хүртэлх байгууллагын соёл, менежмент, цалин хангамж зэрэгт үнэлгээ өгч, хоорондоо туршлагаа хуваалцах боломжтой болсоноор хөдөлмөрийн зах зээл дээрх мэдээллийн ил тод байдал нэмэгдэх юм.

Компаниудын ажлын орчны талаарх үнэн зөв мэдээллийг баталгаатай эх үүсвэрээс цуглуулсанаар чадварлаг туршлагатай мэргэжилтнүүд төдийгүй оюутан залуучууд ажил мэргэжлийн холбогдолтой чухал шийдвэрээ оновчтой гаргах, өөрт тохирсон, дуртай ажлаа сонгох нөхцөл бүрдэнэ.

Нөгөө талаар ажил олгогч байгууллагууд тэрхүү улирал тутмын үнэлгээ, апп дээрх тогтмол судалгааны дүнд тулгуурлан байгууллагынхаа соёл менежмент, хүний нөөцийн бодлогыг сайжруулах, ажилтнуудтайгаа холбоотой чухал шийдвэрийг цаг алдалгүй гаргах бодит боломж бий болно. Ингэснээр хөдөлмөрийн зах зээл дээр өрсөлдөх чадвар нэмэгдэнэ.

Бид Nito апп-аа Монголд сар гаруйн өмнө албан ёсоор зах зээлд нэвтрүүлсэн. Одоо Япон, Сингапурт турших ажлыг эхлүүлээд байна.”

--

--

Nito

Nito is an impact startup by experienced entrepreneurs and IT experts introducing technological innovation for happiness and well-being at work